images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН, ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.ЛАВРОВТОЙ УУЛЗАВ

Мэдээ

2023-04-04

256

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны төв байранд болсон ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон А.Н.Евсиковыг үдэн гаргах ёслолын ажиллагаанд оролцож, арга хэмжээний үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлуудаар санал солилцов. Арга хэмжээнд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Азийн нэгдүгээр газрын дарга Г.В.Зиновьев нар оролцов.

Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров олон жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаатай орнуудын хоёр талын хамтын ажиллагаа бүхэлдээ амжилттай сайн хөгжиж байгааг дурдаж, зарим тулгамдсан асуудлуудад онцгой анхаарал хандуулж ажиллахыг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон А.Н.Евсиковт хүсэлт болгов. Тухайлбал, хоёр улсын нийслэл хооронд шууд нислэг хийгдэхгүй байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж, Москва-Улаанбаатарын хооронд тогтмол шууд нислэг хийгдэж байх нь иж бүрэн стратегийн түншлэлтэй, хөрш зэргэлдээ найрсаг орнуудын ашиг сонирхолд бүрэн нийцэх учиртай гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын гурван талын хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлж, бусад бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтай уялдуулан, хөрш гурван орны хамтын ажиллагааны бодитой үр дүнг гаргах тал дээр анхаарч ажиллахыг хүсэв.

Уулзалтаар Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улс өөрсдийн гадаад бодлогын үзэл баримтлалаа тууштай хамгаалан, олон тулгуурт гадаад бодлогоо хэрэгжүүлэхийн сацуу уламжлалт найрсаг харилцаатай, мөнхийн хөршүүдтэй харилцах харилцаандаа тэргүүлэх зэргийн ач холбогдол өгдгийг онцлон, Монгол Улсын байр суурийг хүндэтгэн ойлгож хүлээн авдаг Оросын талд талархал илэрхийлэв. Түүнчлэн ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон А.Н.Евсиковтой бүхий л талаар хамтарч ажиллахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийлэн, түүнд амжилт, эрүүл энх, сайн сайныг хүсэж, аян замдаа сайн явахыг ерөөв.