images

ОРОСЫН ГАДААД ХЭРГИЙН ОРЛОГЧ САЙД А.Ю.РУДЕНКО МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ЗОЧЛОВ

Мэдээ

2023-04-05

185

ОХУ-аас Монгол Улстай харилцах асуудлуудыг эрхэлсэн Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко Элчин сайд Ө.Энхтүвшингийн урилгаар 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны төв байранд зочилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудаар Элчин сайдтай санал солилцож ярилцлаа.

Орлогч сайд А.Ю.Руденко хилийн чанад дахь анхны гадаад томилолтоо Улаанбаатарт авч, мэргэжлийн замналаа Монгол Улсаас эхлүүлснээ билигшээж байдгаа дурсаад Орос-Монголын уламжлалт найрсаг, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд Элчин сайд Ө.Энхтүвшин болон Элчин сайдын яамны дипломатуудтай бүтээлчээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд, Орлогч сайд нар хоёр тал харилцан тохирсны дагуу ойрын үед хэрэгжүүлэхээр зэхэж байгаа айлчлал, уулзалт, тодорхой арга хэмжээнүүдийг хэзээ, хэрхэн зохион байгуулах талаар санал, байр сууриа илэрхийлж, харилцан ойлголцолд хүрэв.

Уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын болон тус газрын Монголын хэлтсийн удирдлагууд, Монгол Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөхүүд болон зарим дипломат ажилтан оролцлоо.