images

“ДЭВЖЭЭ-2023” ОЮУТНЫ НААДМЫН ШИЛДГҮҮД ШАЛГАРАВ

Мэдээ

2023-04-17

222

ОХУ-ын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, бүтээлч сэтгэлгээ, өрсөлдөх чадварыг хөгжүүлэх, шинэ санаа, бүтээлч үйлийг дэмжих, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хүрээлэн буй орчинтойгоо зөв зохистой харьцахад уриалан дуудах, усны хомсдлын хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх аргыг таниулах, дэлхийн улс орнуудын байгаль эх дэлхийгээ хайрлах сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн “Дэвжээ-2023” оюутны наадмыг “Цэнхэр дэлхийгээ хайрлая” уриан дор ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн Конгресс центрт 4 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Наадмын зохион байгуулагчаар ОХУ дахь Монгол оюутны холбоо, дэмжигч байгууллагаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам ажиллав.


Дэвжээ-2023” наадмыг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх бөгөөд Худалдааны төлөөлөгч Д.Хасар нээж үг хэлсэн бөгөөд 2018 оноос хойш 5 дахь удаагаа тасралтгүй зохиогдож байгаа энэхүү наадамд ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургууль,Үндэсний судалгааны их сургууль, Оросын хүмүүнлэгийн их сургууль, Москва хотын тээврийн их сургууль, Оросын Улс түмний найрамдлын их сургууль, О.Е.Кутафины нэрэмжит Москвагийн Улсын хууль зүйн  их сургуулийн  100 гаруй оюутан оролцож,  500 гаруй оюутан залуус тэднийг хөгжөөн дэмжлээ. “Дэвжээ-2023” наадмын тэргүүн байранд Москва хотын тээврийн их сургууль, дэд байранд Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургууль, 3 дугаар байранд О.Е.Кутафины нэрэмжит Москвагийн Улсын хууль зүйн их сургуулийн багууд тус тус шалгарав. 


Залуус мэндчилгээ, гэрийн даалгавар,  дуу, видео , бүжгийн үзүүлбэрүүдээр эн тэнцүү өрсөлдөж фестиваль сонирхолтой боллоо.