images

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ “МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХООРОНДЫН ХУДАЛДААНЫ ТАРИФЫН БОЛОН ТАРИФЫН БУС СААД БЭРХШЭЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээ

2023-04-20

491

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан, Монгол, Оросын хоорондын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахад чиглэсэн “Монгол Улс, ОХУ-ын хоорондын худалдааны тарифын болон тарифын бус саад бэрхшээл” сэдэвт сургалтыг 2023 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд тус Элчин сайдын яамны төв байранд зохион байгуулав. Сургалтыг Монгол Улсын Их Сургуулийн Худалдаа, үйлдвэрлэлийн сургуулийн профессор Н.Отгонсайхан хөтлөн явуулсан бөгөөд сургалтад Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй Элчин сайдын яамны ажилтнууд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Москва дахь төлөөлөгчийн газрын хамт олон танхимаар оролцохын зэрэгцээ Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг, түүнчлэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, Кызыл хотод суугаа Ерөнхий консул Ч.Ганболд, Владивосток хот дахь Худалдааны төлөөлөгч С.Түвшинтөр нар цахим хэлбэрээр оролцов.

Элчин сайд Ө.Энхтүвшин сургалтыг нээж хэлсэн үгэндээ Монголоос Орос руу хийж буй экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хоёр талын худалдаанд оршиж буй тэнцвэргүй байдлыг арилгахад суугаа оронд үйлчилж буй худалдааны тариф болон тарифын бус саад бэрхшээлийг бууруулах, худалдааг хөнгөвчлөх, чөлөөлөх арга замуудыг хамтран эрэлхийлэх зэрэг үйл хэрэгт нэн шаардлагатай байгаа дипломат байгууллагуудын ажилтнууд, бизнес эрхлэгчдийн мэдлэг, чадамжийг сайжруулах зорилтод тус арга хэмжээний үйл ажиллагаа чиглэж буйг онцлон тэмдэглэв.