images

МОНГОЛ, ОРОСЫН ХУДАЛДААНЫ ТЭНЦВЭРГҮЙ БАЙДЛЫГ ЗАСАХ АРГА ЗАМЫГ ХЭЛЭЛЦЭВ

Мэдээ

2023-04-26

231

Москва хотод томилолтоор ажиллаж байгаа Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ч.Хүрэлбаатар Оросын Холбооны Улсын Засгийн газрын орлогч дарга Алексей Логвинович Оверчуктай Оросын Засгийн газрын ордонд 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтаар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хоёр талын худалдаанд үүссэн Монголын талын алдагдлыг бууруулж, монголын уламжлалт цөөн нэрийн бараа бүтээгдэхүүн, тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран эдлэл, арьс шир, арьсан бүтээгдэхүүнд оногдуулж ирсэн тарифын болон тарифын бус хязгаарлалтуудыг хөнгөвчлөх, цуцлах арга хэмжээ авч, сайн хөршийн найрсаг, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай Монгол Улсын экспортод Оросын зах зээлийг бүрэн утгаар нээж өгөх хүсэлтийг Шадар сайд Ч.Хүрэлбаатар шаргуу тавилаа.

Оросын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук худалдааны тэнцвэргүй байдал бий болсныг Оросын тал хүлээн зөвшөөрч байгааг мэдэгдээд, Монголын талтай хамтран ужиг ярвигтай асуудлуудыг шийдэх арга замыг харилцан эрэлхийлж, энэ чиглэлээр яриа хэлэлцээг эрчимжүүлэхэд бэлэн байгааг нотлов. 

Монгол Улсын Шадар сайд, дэлхий дахин, цаг үе, геоэдийн засгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байгааг онцлоод Монгол Улс, Оросын Холбооны Улсууд өөрчлөгдөн буй нөхцөлд нийцсэн шинэ уур амьсгалтай хамтын ажиллагаа хөгжүүлэх цаг болсныг нөхөрсгөөр сануулсныг Оросын Засгийн газрын орлогч дарга хүлээн авлаа.