ЭЛЧИН САЙД ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ӨРГӨСӨН Б.ЗАЯАТАД БАЯР ХҮРГЭВ
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Оросын “Хүмүүнлэгийн ертөнц” сангаас 2023 оны 04-05 дугаар сард Москва хотноо зохион байгуулагдсан “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн тавдугаар наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцсон СУИС-ийн оюутан Б.Заяат Гуравдугаар байр эзлэв.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Б.Заяатыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Элчин сайдын яамны төв байранд хүлээн авч уулзан, баяр хүргэв.
Олон улсын наадмын шалгаруулалтад 56 орны 900 гаруй дуучдаас төгсгөлийн шатанд сонгогдож, 15 орны 15 шилдэг дуучдын тоонд үлдэж, Монголын дуурийн урлагт суралцаж буй оюутны чансааны өндөр түвшнийг Кремлийн тайзнаа харуулсан Б.Заяатад Элчин сайд талархал илэрхийллээ.
Кремлийн тайзнаа 6000 үзэгчийн өмнө гарч, тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Б.Заяат нь 22 настай, СУИС-ийн Сонгодог урлагийн тэнхимийн дуурийн дуулаачийн 4-р дамжааны оюутан юм.