images

ОХУ-ЫН ХОЛБООНЫ ХУРЛЫН ТӨРИЙН ДУМЫН ОРЛОГЧ ДАРГА А.В.ГОРДЕЕВ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ЗОЧЛОВ

Мэдээ

2023-05-22

174

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевийг Элчин сайдын яамны төв байранд 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан зарим асуудал, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ онд хэрэгжүүлэх харилцан айлчлал,  арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр А.В.Гордеев Орос, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний тулд парламент хоорондын шинэ механизм- хамтарсан комисс байгуулан ажиллуулах, Орос, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад өөрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ нотоллоо.

Талууд харилцан сонирхсон бусад асуудлуудаар санал солилцож, цаашид тогтмол хэлхээ холбоотой байж, хоёр улсын харилцааг баяжуулан хөгжүүлэхэд бүтээлчээр хамтран ажиллахаар санал нэгдэв.