images

ИСААК ДУНАЕВСКИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ДУУЛААЧДЫН XII ДАХЬ УДААГИЙН УРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ДУУЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Мэдээ

2023-05-23

187

Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн «Весёлый ветер» уралдаан энэ оны 5 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Москва хотын Хөгжмийн зохиолчдын ордонд зохион байгуулагдав.

Монгол Улсаа төлөөлөн 10-36 насны 13 мэргэжлийн болон сонирхогч дуулаачид уг уралдаанд оролцож, финалын шатанд шалгарсан Орос, Хятад, Израиль, Беларусь, Казахстан, Армени, Гүрж болон Иран улсын 260 гаруй дуулаачидтай өрсөлдөн, өндөр амжилт үзүүллээ.

Тухайлбал, ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаанд Дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дуучин Н.Чулуунхүү шалгарч Гран при шагнал хүртэв.

 

«Весёлый ветер» уралдааны хаалтын тоглолт, шагнал гардуулах ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин гэргийн хамт хүндэт зочноор уригдаж, зохион байгуулагч нарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ бүх оролцогч нарт баяр хүргэн, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөв. Түүнчлэн ЭСЯ-ны хамт олон дуучдаа дэмжиж оролцов.

Олон улсын дуулаачдын уралдаанд оролцсон Монголын дуулаачдын баг 5 дугаар сарын 22-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ Элчин сайдын яамандаа хүрэлцэн ирж, шагналт уран бүтээлийн дээжээсээ толилуулав.

ОХУ-ын хөгжимчин, либреттист, найруулагч, ОХУ-ын Засгийн газрын шагналтан, ОХУ-ын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн, Оросын театрын урлагийн Академи буюу РАТИ( ГИТИС)- ийн багш, Олон улсын хөгжмийн төвийн уран сайхны удирдаач, Solveig-opera камерный хөгжмийн театрын захирал, И.Дунаевскийн нэрэмжит Олон улсын хөгжмийн зохиолчид, аранжировщикчдын уралдааны захирал, И.Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын уралдааны Ерөнхий шүүгч Радомира Красавина, «Ялта хүрэх зам» дууны тэмцээний зохион байгуулагч, продюсер Полина Бахталина-Бертэн нар ЭСЯ-нд болсон тоглолтод хүрэлцэн ирж, Монголын дуулаачдад баяр хүргэлээ. Радомира Красавина хоёр жил дараалан уг уралдааны Гран при шагналыг хүртэхийн зэрэгцээ оролцсон бүх төрөлдөө амжилт гаргасан Монголчуудын авьяасыг биширч буйгаа илэрхийлээд цаашид ч Монголчуудын авьяасыг олон улсад гаргах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа дурдав.

И.Дунаевскийн нэрэмжит тэмцээнд Монголын төлөөлөгчдийн оролцоог ханган, зохион байгуулсан ОХУ-ын Росструдничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Соёлын зөвлөх, МУСТА; МУЭИС-ийн ГХХАА-ны дарга, PhD Д.Цэцэгдэлгэрийн хүсэлтээр 2022 оны И.Дунаевскийн нэрэмжит Олон улсын хөгжмийн зохиолчдын IX тэмцээний болон бусад олон улсын тэмцээний шагналт хөгжмийн зохиолч Б.Энхбаяр тоглолтыг үзэж сонирхсон бөгөөд мөн үеэр өөрийн туурвисан Монгол, Оросын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийг ерөөсөн уран бүтээлээ Элчин сайд Ө.Энхтүвшинд ёслол төгөлдөр гардуулав. Түүнчлэн БНХАУ-ын дуучин Сян Фэнянийн хамтаар өөрийн уран бүтээлийн дээжээс тэмцээний оролцогч дуулаачид болон ЭСЯ-ны хамт олонд толилууллаа.