ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН БҮГД НАЙРАМДАХ АРМЕНИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ОРЛОГЧ САЙД ПАРУЙР ОГАННИСЯНТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Армени Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Армени Улсын Гадаад хэргийн орлогч сайд Паруйр Оганнисянд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулан хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны зарим асуудлуудаар санал солилцов.
Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон зуун жилийн түүхтэйг дурдан, ялангуяа 1990 он хүртэл боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт харилцаа идэвхтэй хөгжиж байсныг тэмдэглэж, Монголын тал цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, Парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх, уламжлалт чиглэл болох боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг сэргээх эрмэлзэлтэй байгааг уламжлав.
Тухайлбал, Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан "Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай" хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулж, хоёр улсын энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх саналыг монголын тал албан ёсоор дэвшүүлсэн болохыг дурдаж, энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн Улаанбаатарт төвтэй "Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв"-ийн хүрээнд Бүгд Найрамдах Армени Улстай хамтран ажиллах саналыг уламжлав.
Бүгд Найрамдах Армени Улсын Гадаад хэргийн орлогч сайд Паруйр Оганнисян хоёр улсын бүх иргэдийг харилцан визгүй зорчдог болгох асуудлыг Армений тал бүрэн дэмжиж байгааг дурдан энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр ажиллахаа мэдэгдсэн байна. Түүнчлэнтэрбээр "Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв"-ийн хүрээнд Монгол Улстай хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгааг нотлохын зэрэгцээ Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны салбарт, тэр дундаа өндөр технологийн чиглэлд хамтарч ажиллах, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн салбарт харилцан туршлага солилцох сонирхолтой байгааг дурдан, хоёр талын хамтын ажиллагааны өргөн боломжууд байгааг тодотгов.
Элчин сайд Ө.Энхтүвшин мөн энэ өдөр тус улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн бүсийн газрын дарга Сурен Багдасарянтай уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.