МОСКВА ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ 100 ЖИЛИЙН ОЙН «100 ЖИЛ: ХҮМҮҮС, ҮЙЛ ЯВДАЛ» НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2022 онд тохиосон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан гаргасан “100 ЖИЛ: ХҮМҮҮС, ҮЙЛ ЯВДАЛ” номын нээлтийн ёслол 2023 оны 8 дугаар сарын 7-ний өдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүмүүс, тухайлбал Монголын Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэн болон Л.Эрдэнэчулуун, Н.Энхболд, Д.Цогтбаатар, түүнчлэн ОХУ (ЗСБНХУ)-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Готов болон Л.Хангай, Ц.Цолмон, Б.Дэлгэрмаа, түүхийн шинжлэх ухааны эрдэмтэд, олон улсын харилцаагаар мэргэшсэн судлаач, нийтлэлчид, Элчин сайдаар ажиллаж байсан хүмүүсийн үр хүүхдүүд, ар гэрийн төлөөлөл болон ЭСЯ-нд ажиллаж байсан дипломат ажилтнууд уригдан оролцов.
“100 ЖИЛ: ХҮМҮҮС, ҮЙЛ ЯВДАЛ” номыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин санаачлан бүтээж, Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн болно. Номын нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл нар байлцав.
Элчин сайд Ө.Энхтүвшин нээлтийн арга хэмжээг нээж, номын танилцуулга хийж хэлсэн үгэндээ ЭСЯ-ны түүхэнд анх удаа гарч байгаа ном тул алдаа мадагтай зүйл байхыг үгүйсгэхгүй. Цаашид боловсронгуй болгож, дахин хэвлүүлэх, Монгол, Зөвлөлт, Монгол, Оросын харилцааны түүхийг гүнзгийрүүлэн судлахад судалгааны өгөгдөл материал болох ач холбогдолтой гэж үзэж байгаагаа дурдаж, номын эх бэлтгэх, хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн ГХЯ-ны удирдлага, ГХТА-ын хамт олон болон хамтран ажилласан нийт хүмүүст талархал илэрхийлэв.
Арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Л.Эрдэнэчулуун, Н.Энхболд, түүхч З.Лонжид нар үг хэлж мэндчилгээ дэвшүүлэн, номын санаачлагч Элчин сайд Ө.Энхтүвшинд хандан талархал илэрхийлэв. Тэрээр хандаж хэлсэн үгэндээ энэхүү ном нь сэдэвчилсэн, системчилсэн түүхийн бүтээл биш, салангад материалууд хэдий ч судалгааны өгөгдөл материал гэдгээрээ чухал ач холбогдолтой ном гэж онцлон тэмдэглэв.
Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хэлсэн үгэндээ “Энэхүү ном нь зөвхөн ЭСЯ-ны түүх төдийгүй хоёр улсын харилцааны түүхийг өгүүлэх чухал материалуудыг агуулж буйгаараа ач холбогдолтой ном болсон” гэжээ.