images

МОСКВАД ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭВ

Мэдээ

2023-09-11

246

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан, албан хаагчид 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг тохиолдуулан хуучнаар ЗХУ-ын нутаг дэвсгэрт хилс хэргээр амь үрэгдсэн монголчуудын дурсгалыг хүндэтгэн Москва хотын Шинэ Москвагийн засаг захиргааны тойрогт /Новомосковский административный округ/ орших “Коммунарка” тусгай объект дахь дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.

Монгол Улс иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулж Коммунарка” тусгай объектод 2001 онд хүндэтгэлийн гэрэлт хөшөөг байгуулсан. Энэхүү гэрэлт хөшөөнд Монгол Улсын түүчээ, сор болсон Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд болох 249 хүний нэрсийг хүндэтгэн сийлсэн байдаг. 

Хүндэтгэл үзүүлэх үеэр Элчин зөвлөх Д.Өнөбилэгт “Коммунарка” тусгай объектын арчилга, тордолтын ажлыг гүйцэтгэж ирсэн Үнэн алдартны сүмийн дэд хамба ламтай уулзаж, тус газрыг хамгаалалтад авч, арчлан тордож байдагт талархал илэрхийлээд, цаашид уг хөшөөний суурь болон талбайн хэсгийг сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэх талаар эргэн холбогдож хамтран ажиллах талаар санал солилцсон байна.