ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ АЛТАЙ УЛСАД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин энэ 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсад томилолтоор ажиллаж, тус бүгд найрамдах улсын төв Горно-Алтайск хотын дэргэд байрлах Манжерок амралтын цогцолборт зохион байгуулагдсан Олон улсын “Эко Алтай. Байгалийн торгон утас” чуулга уулзалтад оролцов.
Чуулга уулзалтын хүрээнд Оросын болон олон улсын байгаль орчны асуудлын гол чиглэлүүдийг агуулсан 16 сэдэвчилсэн хуралдааныг зохион байгуулсан бөгөөд Элчин сайд Ө.Энхтүвшин тус чуулганы нэгдсэн хуралдаанд оролцон “Монгол дахь экосистемийн зарим асуудал” сэдвээр илтгэл тавьжээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний нийгэм, хүний эрхийг хамгаалах зөвлөлийн дарга В.Фадеев, Төрийн Думын Экологи, байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах хорооны дарга Д.Кобылкин, Бүгд Найрамдах Алтай Улсын тэргүүн О. Хорохордин, Бүгд Найрамдах Беларусь Улсын Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах яамны сайд А.Худык болон албаны бусад хүмүүс оролцсон байна.
Мөн Элчин сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Алтай Улсын тэргүүн О. Хорохординтэй 9 дүгээр сарын 30-ны өдөр албан уулзалт хийв. Талууд Монгол Улс, ОХУ-ын хил орчмын бүс нутгууд хооронд өмнө байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах, цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, мөн Ташанта шалган нэвтрүүлэх боомтыг сэргээн засварлах, Горно-Алтайск нисэх онгоцны буудлын олон улсын терминалыг барих төлөвлөгөөний талаар ярилцав.
Чуулга уулзалтын дараа Элчин сайд Ө.Энхтүвшин тэнд хүрэлцэн ирсэн МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн профессор, доктор Р.Самъяа, Д.Лхагвасүрэн нарын хамт Бүгд Найрамдах Алтай Улсын Маймины дүүрэгт нээгдсэн цоохор ирвэс хамгаалах төвийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Тус чуулга уулзалтыг Бүгд Найрамдах Алтай Улсын Засгийн газар, Росконгресс сан болон “Бүгд Найрамдах Алтай Улсын хөгжлийн төв” ТББ хоёр дахь жилдээ зохион байгуулж буй ажээ.