images

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОХУ-ЫН СВЕРДЛОВСК МУЖИД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ

Мэдээ

2023-10-09

310

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 10 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-ын Екатеринбург хотноо албан томилолтоор ажиллав.

Энэ оны 10 дугаар сарын 01-ний өдөр таалал төгссөн ОХУ-ын Екатеринбург хот дахь Монгол Улсын Өргөмжит Консул Воротников Владимир Александровичийг сүүлчийн замд нь үдэх оршуулгын ёслолд Элчин зөвлөх Д.Өнөбилэгт болон дэд консул М.Санчир нар 10 дугаар сарын 4-ний өдөр оролцон, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн эмгэнэлийн цахилгааныг утас болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшингийн эмгэнэлийн захидлыг В.А.Воротниковын гэр бүл болон төрөл төрөгсөд нь тус тус уншиж танилцуулан эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.

ОХУ-ын Екатеринбург хот дахь Монгол Улсын Өргөмжит Консул агсан В.А.Воротников нь 2009 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд тасралтгүй Монгол Улсын Өргөмжит Консулын үүрэгт ажлыг нэр хүндтэйгээр гүйцэтгэж ирсэн болно.

 

Мөн энэ хүрээнд ЭСЯ-ны төлөөлөл 10 дугаар сарын 05-ны өдөр ОХУ-ын Свердловск мужийн Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Н.Берк, тус муж дахь ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч болон Екатеринбург хотын Гадаад харилцааны албаны удирдлагатай тус тус уулзаж, Монгол Улсаас Екатеринбург хотод суух Өргөмжит консулыг шинээр томилон ажиллуулах болон хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлаар санал солилцов.

Түүнчлэн томилолтын хүрээнд Уралын холбооны их сургуультай хамтран тус хотноо суралцаж буй монгол оюутнуудтай ЭСЯ-ны төлөөлөл уулзалт хийж, тэдний сурлага, ахуйтай танилцан холбогдох зөвлөгөө өгч, зарим оюутанд тулгамдаж буй асуудлаар Уралын холбооны их сургуулийн удирдлагад хүсэлт уламжлан газар дээр нь шийдвэрлүүлсэн байна.

Дашрамд дурдахад, Екатеринбург хотын их, дээд сургуулиудад манай улсын 100 гаруй иргэн эдийн засаг, уур уурхай, эрчим хүч, эрх зүй болон анагаах ухааны чиглэлээр суралцаж байна.