images

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНТАЙ УУЛЗАВ

Мэдээ

2023-10-23

333

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэрээ 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх нь чухал болохыг онцлов.

Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр Ерөнхийлөгч нар тохиров.

Төрийн тэргүүн нар Монгол, Оросын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх, Монгол Улсын баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудын бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцов.

ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг талууд нарийвчлан судлахаар болов.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга А.В.Новак, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Тээврийн сайд В.Г.Савельев, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозёров, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер, “Роснефть” НХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечин нар хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, саналаа танилцуулав.

Хоёр улсын төрийн тэргүүн ирэх жил тохиох Халхын голын хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын дайчин нөхөрлөлийг мөнхжүүлж, залуу, хойч үед түүхэн үнэнийг таниулахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.

Түүхт ялалтын баярт оролцох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг Ерөнхийлөгч В.В.Путин талархан хүлээн авлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хоёр орны соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх нь чухлыг онцлон тэмдэглэв.