images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН НИКАРАГУА УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ

Мэдээ

2023-11-09

294

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Никарагуа Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд хатагтай Альба Азуцена Торресийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих бэлтгэлээ хангаж буй Бүгд Найрамдах Никарагуа Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Альба Азуцена Торрест ажлын амжилт хүсэж, Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөв. Мөн тэрээр Монгол Улс, Никарагуа Улс газар зүйн байршлаараа хэдий хол боловч найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж ирснийг тэмдэглээд, Никарагуа Улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега 1983 онд БНМАУ-ын тэргүүн Ю.Цэдэнбалын урилгаар Монголд айлчилсан түүхээс хуваалцлаа.

 

Бүгд Найрамдах Никарагуа Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Альба Азуцена Торрес Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих бэлтгэлээ хангаж буйгаа мэдээлж, Монгол Улс, БН Никарагуа Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Элчин сайд Ө.Энхтүвшинтэй хамтран ажиллахдаа баяртай буйгаа тэмдэглэв.