ОХУ-Д СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУД ЧУУЛЛАА
2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ОХУ-д суралцдаг 4600 орчим монгол оюутны төлөөлөл болсон 150 оюутан залуус Москвагийн Эрчим хүчний их сургуулийн төв байранд цугларч сурах орчин, хүсэл тэмүүлэл, үзэл бодол, ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов. ОХУ дахь Монгол Оюутны Холбооны санаачилгаар зохион байгуулагдсан “ОХУ-д суралцагч Монгол оюутнуудын чуулга уулзалт”-ыг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ дэмжиж ажилласан бөгөөд оюутны энэхүү чуулга уулзалтад зөвхөн Москвагаар хязгаарлагдахгүй Санкт-Петербург, Екатеринбург, Новосибирск, Воронеж, Кострома, Иваново, Челябинск, Нижний Новгород зэрэг 9 хотоос зорьж ирсэн оюутны төлөөлөгчид үгээ чөлөөтэй хэлж, үзэл бодлоо уралдуулав.
Чуулга уулзалтад оролцогсдод хандан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин баяр хүргэж, хэлсэн үгэндээ маршал Х.Чойбалсан, төр, намын удирдагч агсан Ю. Цэдэнбал, нэртэй эрдэмтэд Б. Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын 65 мянга орчим үндэсний сэхээтнүүдийг сургаж хүмүүжүүлсэн ОХУ-д эдүгээ суралцаж буй шинэ үеийн залууст нэрээ хичээж, биеэ гамнаж, сурч боловсроход хичээн шамдахыг захилаа.
Оюутан залууст тулгамдаж буй бүхий л асуудлыг хөндөн, шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн чуулга уулзалтын үеэр Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн их сургуулийн оюутан, ОХУ дахь монгол оюутны холбооны тэргүүн Б.Анужин, Москвагийн Барилгын их сургуулийн оюутан, Оросын нийслэлийн 2023 оны шилдэг оюутан уралдааны ялагч О.Золгэрэл, Кострома хотын Цэргийн академийн сонсогч, цэрэгжлийн спортын дэлхийн 5 удаагийн аварга Э.Буджав нарт Монгол Улсын Элчин сайдын нэрэмжит шагнал хүртээлээ.
Москвагаас бусад хотоос ирсэн оюутнууд Оросын нийслэлтэй танилцах аялал хийж, дуутай, бүжигтэй чуулга уулзалт эв нэгдэлтэй байж, эх орондоо хэрэгтэй хүн болцгоох том уриан дор болж, Москвагийн Эрчим хүчний Их сургуулийн төв байр монгол дээл, үндэсний хувцсаараа гоёсон цог золбоотой монгол охид, хөвгүүдээр гангарсан өдөр болон өндөрлөв.