images

НОЁН УУЛЫН ӨВИЙН АСУУДЛААР ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХЫГ СУДЛАНА

Мэдээ

2023-11-21

374

ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2023 оны 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Соёлын IX нэгдсэн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд О.Любимова нар албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр Соёлын сайд О.Любимова Монгол, Оросын хамтын ажиллагаа тайзны урлаг, бүтээлч боловсрол, музей зэрэг соёлын олон салбарт амжилттай хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр цааш нь, «Өнгөрч буй 2023 онд Эрмитаж улсын музей, Үндэсний Чингис хааны музей хооронд соёлын өвийг судлах асуудлаар хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичиг байгуулсан.

Мөн “С.Рахманинов - Би Оросын хөгжмийн зохиолч” хөгжмийн музейн үзэсгэлэн Улаанбаатар дахь «Русский дом»-д дэлгэн тавигдсан» тухай онцлон тэмдэглэж, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Н.Рерихийн “Агуу морьтон” уран зургийг Москва хот дахь Дорно дахины музейн “Майдар бурханы ертөнц” үзэсгэлэнд дэлгэн тавих хүсэлтээ Соёлын сайд Ч.Номинд илэрхийлсэн байна. 

Ч.Номин сайд хоёр орны соёлын харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдаад, Оросын нэрт археологич П.К.Козлов 1920-иод оны дундуур тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнтэй байгуулсан гэрээгээр шинжлэн судлаад, монголын талд эргүүлэн өгөх нөхцөлөөр Орост авч гарсан Ноёнуулын олдворуудыг эх орондоо буцаан авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг ОХУ-ын Соёлын сайд О.Любимовад хүсэлт болгов. Тэрбээр Санкт-Петербург хотод зохион байгуулагдаж буй Соёлын IX нэгдсэн чуулга уулзалтын үеэр хоёр дахь удаагаа нүүр тулан уулзаж буйд олзуурхаж байгаагаа Соёлын сайд О.Любимовад илэрхийлээд, энэ удаа Ноён уулын өвийн асуудлыг судлах хоёр орны эрдэмтэн мэргэдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах саналтай ирснээ мэдэгджээ. 

Соёлын сайд, хатагтай О.Любимова ажлын хэсэг байгуулах монголын талын хүсэлтийг тус улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад хэргийн яаманд танилцуулан холбогдох чиглэл, дэмжлэг авч судлан үзэхээр тогтсон байна. Соёлын сайд Ч.Номин үндэсний соёлын үнэт өвийг эх нутагт нь буцаан авчрах тухай Монгол Улсын Засгийн газрын албан ёсны байр суурийг Санкт-Петербург хотын Эрмитаж улсын музейн захирал М.Пиотровскийтэй чуулга уулзалтын хүрээнд уулзахдаа, мөн П.К.Козловын удирдсан судалгааны баг манай улсын Ноён ууланд малтлагын ажил эхлүүлсний 100 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож хэлсэн үгэндээ тус тус илэрхийлэв. 

Түүнчлэн Монгол, Оросын Соёлын сайд нар тайзны урлаг зэрэг хамтын ажиллагааны ирээдүйтэй салбарын талаар ярилцаж, өнгөрсөн жил хийсэн ажлаа дүгнэхийн зэрэгцээ ирэх 2024 онд зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон байна.