images

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ДАХЬ МОНГОЛ УЛСЫН КОНСУЛУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Мэдээ

2023-12-12

423

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2023 оны 12 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын консулуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин, тус ЭСЯ-ны холбогдох албан тушаалтнууд болон Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, Кызыл хотод суугаа Ерөнхий консул Ч.Ганболд нар оролцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах, соёл, боловсрол болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагаанд хамаарах асуудлуудаар харилцан мэдээлэл солилцож, ОХУ дахь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мөн консулын албадын үйл ажиллагааны уялдаа холбоог улам боловсронгуй болгох асуудлуудыг хөндөн ярив.


Зөвлөлдөх уулзалтын хүрээнд энэ онд хийсэн ажил, хүрсэн үр дүн, 2024 онд хийхээр төлөвлөж буй ажлууд, цаашид анхаарах зүйлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. 
Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, Кызыл хотод суугаа Ерөнхий консул Ч.Ганболд нар тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн үйл ажиллагаатай газар дээр танилцаж, ЭСЯ-ны номын санд зочлов. 
УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д энэ оны 6 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд албан ёсны нээлтээ хийсэн Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны номын сан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн албан ёсоор нийтэд үйлчилж эхэлсэн бөгөөд Москва хотод оршин суугаа монгол болон гадаадын иргэд, тус ЭСЯ-ны дипломат болон техник, үйлчилгээний ажилтнуудад уншигчийн карт нээх бөгөөд уншлагын тохилог танхимд саатан тухалж, сонирхсон ном зохиолоо унших боломжтой юм. 
Тус номын сангийн дэргэд ОХУ-д суугаа Монголын ЭСЯ-ны түүхийн тэнхим болон оюутны хөгжлийн төв байгуулагдсан бөгөөд давхардсан тоогоор 500 гаруй оюутан залуучууд үйлчлүүлээд байна. 
Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, Кызыл хотод суугаа Ерөнхий консул Ч.Ганболд нар тус номын санд буй ЭСЯ-ны хүндэт зочдын дэвтэрт дурсамжаа бичиж, гарын үсэг зурав.