images

МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН 5 НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

Мэдээ

2024-01-18

165

Дүрслэх урлагийн дээд сургуулийн захирал Д.Уранчимэг, багш З.Уянга нарын Оросын зураач нартай хамтран эрхлэн гаргасан 5 номын нээлт 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Москва хотын Оросын уран зургийн академид болов.

Энэхүү номын баярт Оросын уран зургийн академийн тэргүүн дэд ерөнхийлөгч В.Г.Калинин тэргүүтэй тус академийн гишүүд, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын хэлтсийн дарга А.В.Оганов, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнуудын төлөөлөл оролцлоо.

Номын баярын арга хэмжээг дээрх 5 номыг бүтээхэд хамтран оролцсон Оросын уран зургийн академийн Красноярск хот дахь “Урал, Сибирь болон Алс Дорнодын бүс нутгийн салбар”-ын тэргүүн М.Ю.Шишин нээж үг хэлэв.

Оросын уран зургийн академийн тэргүүн дэд ерөнхийлөгч В.Г.Калинин хэлсэн үгэндээ, манай хоёр найрсаг орны зураачид олон жилийн туршид багш, шавийн барилдлагатай явж ирснийг онцлон дурдаад, энэхүү 5 ном нэгэн зэрэг нээлтээ хийж буй нь урьд өмнө байгаагүй сайхан үйл явдал болж байна гэв.

Түүнийг үг хэлсний дараа Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны соёл, хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн атташе О.Чинбаяр ном бүтээл туурвихын ач холбогдлын талаар өгүүлж, уг бүтээлүүдийг туурвисан уран бүтээлчдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. 

Энэ үеэр “Зуун дамнасан зураач Дагдангийн Амгалан”, “Модернизм Монголын дүрслэх урлагт”, “Илья Репины академийн дэг сургалт Монголын дүрслэх урлагт”, “Социализм Монголын дүрслэх урлагт”, зураач, багш З.Уянгын “Төгсөшгүй” зэрэг таван бүтээлийг сүүлийн 10 жилийн хугацаанд хэрхэн бүтээсэн талаар Дүрслэх урлагийн дээд сургуулийн захирал Д.Уранчимэг танилцуулсан байна.