images

МОСКВА ДАХЬ ЭСЯ-НД “МОНГОЛ ЦАГААН САР” ӨДӨРЛӨГ БОЛОВ

Мэдээ

2024-02-28

200

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшингийн урилгаар 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Палестин Улс, Бүгд Найрамдах Гвиней Улс, Уганда Улс, Бүгд Найрамдах Никарагуа Улс, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Буркина Фасо Улс, Олон үндэстний Боливи Улс болон тус ЭСЯ хавсран сууж буй Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Элчин сайд нар болон дипломат ажилтнууд тус ЭСЯ-ны төв байранд хүрэлцэн ирж, Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал, ёс заншлыг танилцуулах “Монгол Цагаан сар” өдөрлөгт оролцов.

Элчин сайд Ө.Энхтүвшин хүрэлцэн ирсэн зочидтой золгон ажил хэрэгч яриа өрнүүлсэн бөгөөд хүндэт зочид тус ЭСЯ-ны монгол гэрт зочилж, нүүдэлчин ахуй, зан заншлын нэгээхэн хэсгийг үзэж сонирхохын зэрэгцээ зочдод зориулан бууз чимхэх мастер-класст оролцсон.

Энэ үеэр П.И.Чайковскийн нэрэмжит консерваторийн 4 курсын оюутан Т.Мөнхбаатар, М.Ф.Гнессины нэрэмжит академийн 3 курсын оюутан Т.Жаргалсайхан нар Монголын сор болсон хөгжмийн зохиолчдын аялгууны дээжээс морин хуур, төгөлдөр хуур хөгжим дээр хоршин тоглож, хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялаав. 

Мөн хүрэлцэн ирсэн Элчин сайд нар болон дипломат ажилтнуудад монгол бичгийн соёл, уран бичлэг буюу каллиграфыг сонирхуулж, ирсэн зочдын эх орны нэрийг бичиж дурсгасан болно.