"ХҮНДЭТ ТӨМӨР ЗАМЧИН" ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАСНЫГ ГАРДУУЛЖ ӨГӨВ
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх бөгөөд Худалдааны төлөөлөгч Д.Хасар 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын Холбооны ачаа, тээврийн компанийн Ерөнхий захирлын зөвлөх Л.А.Воронин болон “РЖД Логистика”ХНН-ийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч О.В.Полеев нарт Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын тушаалаар "Хүндэт төмөр замчин" цол тэмдгээр шагнасныг гардуулж өгөв.
Элчин зөвлөх бөгөөд Худалдааны төлөөлөгч Д.Хасар шагнал гардуулах үеэр “Олон улсын байдал эгзэгтэй үед Монгол Улсын гадаад худалдааны тогтвортой байдлыг хангахад улс хоорондын ачаа тээвэрлэлтийн найдвартай ажиллагаа онцгой ач холбогдолтой юм. Тээврийн салбарын хамтын ажиллагаанд оруулсан та бүгдийн хувь нэмрийг Монголын зам тээврийн салбар өндрөөр үнэлж буйн тод илэрхийлэл болсон энэхүү "Хүндэт төмөр замчин" цол тэмдгийг гардуулж өгөхдөө баяртай байна. Хүндэт төмөр замчин болж буй та бүхэнтэй цаашид үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж цохон тэмдэглэв.