images

“ГАГАРИН ДЭЛХИЙН ХҮН” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛОВ

Мэдээ

2024-03-01

205

Москва хотын Баруун хойд засаг захиргааны дүүргийн соёлын төвүүдийн нэгдэл “Гагарин дэлхийн хүн” сэдэвт төслийг сүүлийн 3 сарын туршид зохион байгуулсан бөгөөд 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр болсон хаалтын өдөрлөг тус хотын 234 дүгээр номын санд болов.

Өдөрлөгт Москва хотын Баруун хойд засаг захиргааны дүүргийн соёлын төвүүдийн нэгдлийн ерөнхий захирал С.Г.Конахевич, ОХУ-ын баатар, сансрын нисэгч С.Н.Ревин, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны соёлын асуудал эрхэлсэн атташе О.Чинбаяр, Унгар Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны атташе А.Марфи  болон бусад хүндэт зочид уригдан оролцож, дэлхийн анхны сансрын нисэгч Ю.Гагарины мэндэлсний 90 насны ойд зориулан мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Унгар Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ф.Берталан нарын видео мэндчилгээг хүрэлцэн ирсэн зочдод толилуулсан.

Арга хэмжээний үеэр атташе О.Чинбаяр “Антология современного монгольского рассказа” номын дээжийг Москва хотын Баруун хойд засаг захиргааны дүүргийн соёлын төвүүдийн нэгдлийн ерөнхий захирал С.Г.Конахевичид өргөн барьж, тус номын сангийн уншигчид монголын орчин цагийн уран зохиолтой танилцах боломж бүрдэж буйг онцлон тэмдэглэсэн байна.

Ташрамд дуулгахад, Москва хотын Баруун хойд засаг захиргааны дүүргийн соёлын төвүүдийн нэгдлийн харьяанд 44 номын сан багтдаг бөгөөд цаашид Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-тай соёлын олон талт харилцааны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Жич: БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн дэвшүүлсэн видео мэндчилгээг дараах холбоосоор орж үзнэ үү.

https://disk.yandex.ru/i/c-U1EqISTIx2xA