ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ДЭЛХИЙН ЗАЛУУЧУУДЫН ИХ НААДАМД ОРОЛЦОВ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар Сочи хотноо зохион байгуулж буй Дэлхийн залуучуудын XX их наадмын нээлтийн ажиллагаа 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 16:00 цагт “Большой” цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болов.
Нээлтийн арга хэмжээнд дэлхийн 188 орны 20 мянган залуус оролцсон бөгөөд үүнд ОХУ-аас 10 мянга гаруй, Монгол Улсаас бизнес, хэвлэл мэдээлэл, олон улсын хамтын ажиллагаа, соёл, шинжлэх ухаан, боловсрол, спорт зэрэг салбар бүрийн шилдэг 100 оюутан, залуучуудын төлөөлөл оролцсон байна.
Элчин сайд Ө.Энхтүвшин энэхүү Их наадмын хүндэт зочноор уригдан оролцож байгаа бөгөөд 3 дугаар сарын 03-ны өдөр “Спортивная арена”-д болсон Олон улсын боксын холбооны аваргуудын үзүүлэх тоглолтыг үзэж сонирхов.
Уг тэмцээний 67 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын тамирчин, 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мишээлтийн ОХУ-ын 2024 оны Боксын цомын аварга тамирчин Т.Идиговтой боксын ринг дээр хийсэн тулааны дараа Элчин сайд Ө.Энхтүвшин Монголын багийн төлөөлөгчидтэй уулзав.
Дэлхийн залуучуудын XX их наадам 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хаалтын ёслолын ажиллагаа хийснээр өндөрлөх агаад Монгол Улсаа төлөөлөн оролцож буй шилдэг залуус өдөр бүр зохион байгуулагдаж буй олон төрлийн сургалт, лекц, урлаг, соёл, спортын арга хэмжээнд идэвхтэй оролцож байна.