МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЭСЯ-НД ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж, хөгжсөний 103 жилийн ойн баярыг тохиолдуулан 03 дугаар сарын 18-ны өдөр Элчин сайдын яаманд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад ОХУ-ын Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын яам, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны алба, Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх Холбооны албаны төлөөллүүд, Монгол Улстай хамтарч ажилладаг ОХУ-ын Батлан хамгаалах аж үйлдвэрийн байгууллагуудын удирдлагууд, “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн тэргүүлэгчид, мөн Монгол Улстай цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаатай АНУ, БНХАУ, Беларусь Улс, БНСУ, БНАСАУ, Турк Улс, Энэтхэг Улс, Казахстан Улс, Армени Улс, БН Социалист Вьетнам Улс, Лаос, Малайз, Тайланд, Серби зэрэг 21 орны ОХУ-д суугаа 37 Батлан хамгаалахын атташе, атташегийн албаны ажилтнууд болон ОХУ-ын Үндэсний гвардын цэргийн холбооны албаны урилгаар тус улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, ОХУ-ын Москва хотын цэргийн академи, их сургуульд суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, сонсогч нарын төлөөллүүд оролцов.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин арга хэмжээг нээж үг хэлэхдээ Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй хүндэтгэлийн хүлээн авалтад хүрэлцэн ирсэн бүх зочдодоо талархал илэрхийлж, Монгол, Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг онцолж, энэ жил Халх голын байлдаанд ялалт байгуулсны 85 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглэв.
Оросын талаас хүндэт зочноор ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр Монгол Улс, ОХУ-ын харилцаанд хоёр улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцолж, цаашид цэргийн харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэхэд Оросын талаас шаардлагатай хүчин чармайлтыг гаргаж ажиллах болно гэдгийг тэмдэглэлээ.