images

ЭЛЧИН САЙД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

Мэдээ

2024-03-27

337

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн яаманд хүрэлцэн очиж энэ оны 3 дугаар сарын 22-ны өдөр Москва хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гэмт этгээдүүд зэвсэглэн халдаж, алан хядах үйл ажиллагаа явуулсны улмаас гэм зэмгүй олон арван энгийн иргэд амь үрэгдэж, гэмтсэнд эмгэнэл илэрхийлэв.


Мөн энэ хүрээнд Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденкотой уулзалт хийж, Монгол Улсын төр, засаг, ард түмний эв санааны нэгдлийн бэлгэдэл болгон тус халдлагад өртсөн хүүхдүүд, түүнчлэн эцэг, эх, төрсөн ах, дүү нь халдлагад өртсөн хүүхдүүдийн төлөөлөл бүхий 10 хүртэл хүүхдийг Монгол Улсын зардлаар энэ оны 6-8 дугаар сард Олон улсын “Найрамдал” зусланд амрааж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх саналыг уламжилсан байна.

 

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденкотой энэхүү саналыг талархан хүлээн авч, холбогдох байгууллагуудад уламжлахаа мэдэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар эмгэнэл илэрхийлсэн явдалд ОХУ гүнээ талархаж байгааг онцлон тэмдэглэсэн байна.