ОЮУТНУУД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО
2024 оны 03 сарын 27-ны өдөр ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Дорно Дахины Судлалын хүрээлэнд Олон Улсын залуу монгол судлаачдын “2024 он бол Орос-Монголын найрамдлын түүхэн дэх ойн жил” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.
Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний асуудал хариуцсан дэд захирал, түүхийн ухааны доктор В.Ц.Головачев, Элчин зөвлөх Д.Өнөбилэгт болон Монголын анд нөхөд нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.А.Бабушкин нар хурлыг нээж, мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Энэхүү бага хуралд Оросын залуу монголч эрдэмтэд биечлэн болон Улаанбаатар хотоос цахимаар оролцож илтгэл танилцуулсан. Мөн энэ хүрээнд ОХУ-ын их, дээд сургуульд сурч буй зарим монгол оюутан, аспирантууд мөн илтгэл тавьсан байна. Тухайлбал, Орос түмний найрамдлын их сургуулийн оюутан Ц. Зэсэмдолгор, А. Ундаръя, Э. Халиунаа, Б. Гэрэлтуяа, З. Гэрэлцэцэг, Б. Хулан, А. Ариунзаяа, ОХУ-ын ГХЯ-ны харьяа Дипломат академийн аспирант Б. Төгөлдөр, О. Е. Кутафины нэрэмжит Москвагийн хуулийн их сургуулийн оюутан Б. Анужин нар Халх голын дайны 85 жил, “УБТЗ” ХНН-ийн 75 жил, Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 50 жил, “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглал”-ын 15 жил, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ’’-ний 5 жилийн ойд зориулан илтгэл, судалгааны ажлуудаа хэлэлцүүлж, танилцуулав. Эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд нийт 20 илтгэл тавьж хэлэлцүүлсэн ажээ.