images

А.В.Ушаковт “Найрамдал” медаль гардуулав

Мэдээ

2024-04-17

504

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн  № 82 тоот зарлигаар 2015-2017 онуудад “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Нэгдүгээр орлогч даргаар ажилласан ОХУ-ын иргэн Александр Венаминович Ушаковыг төмөр замын салбарыг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн  “Найрамдал” медалиар шагнасныг Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх бөгөөд Худалдааны төлөөлөгч Д.Хасар 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр албан ёсоор гардуулав.

Элчин зөвлөх бөгөөд Худалдааны төлөөлөгч Д.Хасар шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр, “Эдийн засгийн тогтвортой хөгжилд улс хоорондын ачаа тээвэрлэлтийн найдвартай ажиллагаа онцгой ач холбогдолтой билээ. Монгол, Оросын төмөр замын салбарын хамтын ажиллагаанд оруулсан Таны хувь нэмрийг Монгол Улсын төр өндрөөр үнэлж буй нь үүний тод илэрхийлэл” хэмээн онцлон тэмдэглээд,  А.В.Ушаковын цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.