images

ОХУ-ын Москвагийн олон улсын харилцааны их сургууль (МГИМО) болон Дипломат академийн оюутнуудтай уулзав

Мэдээ

2024-04-01

365

ЭСЯ-ны төлөөлөл энэ оны 3 дугаар сарын 28-ны өдөр ЭСЯ-ны Номын сангийн дэргэдэх Оюутан хөгжлийн төвд ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академид суралцаж байгаа, 3 дугаар сарын 29-ний өдөр Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн монгол оюутнуудтай тус тус уулзалт хийж, тэдний сурлага, ахуйтай танилцан холбогдох зөвлөгөө өгч, зарим оюутанд тулгамдаж буй асуудлаар нь сургуулийн удирдлагуудад нь холбогдох хүсэлт уламжлан шийдвэрлүүлэхээр тогтсон байна.

Энэ хүрээнд 3 дугаар сарын 29-ний өдөр Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн Залуучуудын бодлого, нийгмийн ажил, олон улсын харилцаа хариуцсан проректор С.И.Суровцев ЭСЯ-ны төлөөллийг мөн хүлээн авч уулзан, монгол оюутнуудын сурлагын талаар мэдээлэл хийж, цаашид боловсролын салбарт хамтран ажиллах тодорхой төсөл, санаачилгын талаар санал солилцсон болно.

Мөн эдгээр уулзалтад ОХУ дахь Монгол Оюутны холбооны тэргүүн Б.Анужин оролцож, монгол оюутнууддаа холбооныхоо үндсэн үйл ажиллагаа, зорилго болон ЭСЯ-тай хамтран зохион байгуулж буй арга хэмжээ, уралдаан, тэмцээний талаар танилцуулсан.