"СОЁЛ ИРГЭНШЛИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ ОРОН ЗАЙ: ТӨВ ЕВРАЗИ ДАХЬ ОРОС, МОНГОЛ" СЭДЭВТ ДУГУЙ ШИРЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
Монгол Улсыг сурталчлах 7 хоногийн аяны хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Номын сангийн дэргэдэх Оюутны хөгжлийн төвд ЭСЯ ОХУ-ын ШУА-ийн Холбооны шинжлэх ухааны судалгааны төвийн Социологийн хүрээлэнгийн Улс төр судлал, улс төрийн социологийн төвтэй хамтран “Монгол, ОХУ-ын түүхэн ойн жил” дугуй ширээний уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалтыг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт, ОХУ-ын улс төрийн шинжлэх ухааны доктор, улс төр судлаач А.С.Железняков нар нээж, дугуй ширээний оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.
ОХУ-ын монгол судлаач А.С.Железняков нээлтийн үгэндээ, “2024 он бол Монгол-Оросын харилцааны хөгжлийн түүхэнд мартагдашгүй он цаг, тэмдэглэлт ойгоор дүүрэн жил байна. Өнөөгийн байдлаар дэлхий нийтэд улс төрийн болон соёл иргэншлийн ландшафтад нөлөөлж буй томоохон өөрчлөлтүүд өрнөж байна. Тийм ч учраас Монгол, Орос хоёр орны соёл иргэншлийн болон улс төрийн хөгжил, тэдгээрийн Төв Евразийн бүс дэх харилцан үйлчлэл, хамтын ажиллагаа гэх мэт сэдвүүдийг цаашдаа улам өргөн хүрээнд дэлгэрүүлэн судлах нь чухал“ хэмээн тэмдэглэсэн байна.
Дугуй ширээний ярилцлагын хүрээнд “Оросын хил дамнасан хөгжлийн нийгмийн асуудал. Буриад, Тувагийн бүгд найрамдах улсын жишээн дээр”, “Монгол соёл иргэншил түүх ба орчин үе атласын онолын үндэслэл” номын танилцуулга, "Азийн лугшилттай Ром: Хоосон байдлын үнэ цэнэ ба эмзэг байдлын тухай", "Гурвалжин Орос – Монгол – Хятад: соёл иргэншил, геополитикийн хэмжигдэхүүн”, “Орос соёл иргэншил өнөө үеийн сорилтуудын өмнө”, “Орос, Монгол, Хятадын соёл иргэншлийн харилцан үйлчлэл дэх буддизм” зэрэг сэдвээр олон сонирхолтой илтгэлүүд тавигдаж, арга хэмжээнд оролцогчид энэ талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.