ХАЛИМАГТ “МОНГОЛЫН КИНО ӨДӨР”-ҮҮД БОЛОВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ Монгол Улсыг сурталчлах 7 хоногийн аяны хүрээнд 2021 онд болсон “Улаанбаатар” олон улсын кино наадам болон 2022 онд ОХУ-д явагдсан “Киношок” олон улсын кино наадмын шагналт, Монголын найруулагч Жанчивдоржийн Жамьянсүрэнгийн бүтээл “Хөхөө” уран сайхны киног Москва хотноо ЭСЯ-ны Номын сангийн дэргэдэх Оюутны хөгжлийн төвд 04 дүгээр сарын 23-ны өдөр, Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элиста хот, Троицкое тосгон, Ергенинский суурингийн Соёлын төвүүдэд 04 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд тус тус үзүүлж, үзэгчдийн хүртээл болголоо.
“Киношок” олон улсын кино наадмаас 4 гол шагнал, тухайлбал Гран-при “Золотая лоза”, шилдэг найруулагчийн, шилдэг эрэгтэй болон эмэгтэй дүрийн шагналуудыг хүртсэн энэхүү киног ОХУ-ын БН Халимаг Улсын “Евразия Арт-центр” ТББ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр анх удаа Халимагийн нийслэлд толилуулсан болно.
Энэ хүрээнд ЭСЯ-ны Соёлын асуудал хариуцсан атташе О.Чинбаяр “Халимагт зохион байгуулагдсан “Монголын кино өдрүүд”-ийн нээлт болон соёл, урлагийн бусад арга хэмжээнд оролцож, манай хоёр орны цаашдын соёлын хамтын ажиллагааны асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзалт мөн хийсэн байна.