images

“ДЭВЖЭЭ-2024” УРЛАГИЙН НААДАМ БОЛОВ

Мэдээ

2024-05-01

275

ОХУ-д суралцдаг Монгол оюутнуудын хүсэн хүлээдэг Дэвжээ энэ удаагийн наадам “Модерн Монголиас” сэдвийн дор “Ирээдүйгээ өнгөлье” уриатайгаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Москва хотын Хорошейвский дүүргийн концертын зааланд болов.

Наадмыг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ дахь Монгол оюутны холбооны тэргүүн Б.Анужин нар үг хэлэв.

Урлагийн олон төрөл, тухайлбал дуу, бүжиг, жүжиг, чөлөөт үзүүлбэрийг нэгтгэн авьяас чадвар, овсгоо авхаалжаараа өрсөлддөг оюутнуудын “Дэвжээ-2024” наадам Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр амьдралаа, өөрийгөө өнгөлөхөөр үе үеийн оюутан залуучуудын сэтгэлд хоногшсон онцгой уриатайгаар Монгол орчин үеийн залуучуудын өнгө төрхийг гаргаж зохион байгуулагдаж буйд сэтгэл хангалуун байгаагаа Элчин сайд Ө.Энхтүвшин тэмдэглээд наадмыг зохион байгуулж байгаа ОХУ дахь Монгол Оюутны холбоо, авьяас чадвар, хичээл зүтгэлээ дайчлан наадамд оролцож байгаа оюутнууд болон хөгжөөн дэмжихээр ирсэн нийт үзэгчдэд талархал илэрхийлэв.

Мэндчилгээ, дуу, бүжиг, жүжиг, чөлөөт үзүүлбэр зэрэг таван төрлийн нийлбэр үнэлгээгээр наадмын дүнг гаргахад нэгдүгээр байранд Оросын Зам Тээврийн “МИИТ” их сургуулийн “Локомотив” баг, хоёрдугаар байранд Екатеринбург  хотоос оролцож буй “СИМБА” баг, Оросын Хүмүүнлэгийн Улсын их сургууль, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн хамтарсан” NOMADS” баг тус тус шалгарав.

“Энэ наадамд оролцсон баг, оролцогч оюутан бүр ялагч юм. Оролцоо бол “Дэвжээ” наадмын гол уриа, иймд энэ орой одтой авхаалжтай сэргэлэн байж эхний байр эзэлсэн багуудад баяр хүргэхийн хамт шагналтнуудтай эн тэнцүү өрсөлдөж, зарим төрөлд илүү өндөр үнэлгээ авсан Москвагийн Хуулийн Улсын их сургуулийн баг ”Кутафинцы” “Плехановцы” “МГИМО” багийн гишүүдэд талархал илэрхийлье гэж шагнал гардуулах үеэр тус наадмыг зохион байгуулагчдын зүгээс онцлон тэмдэглэв.

Наадмын шүүгчээр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн дуурийн дуулаачийн оюутан – Байгалмаагийн Оюун-Эрдэнэ, Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн дуурийн дуулаачийн магистрын оюутан-Баатарын Доржнамжин, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны атташе М.Энхдөл нар ажиллав.