ПЕТЕРБУРГИЙН ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН XXVII ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Петербургийн олон улсын эдийн засгийн XXVII чуулга уулзалтад оролцов.
Чуулга уулзалтын хүрээнд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай уулзан Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаар ярилцав. Уулзалтын үеэр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук цаашид Монгол, Оросын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэх, түүнчлэн Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн гишүүний хувиар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улс болон ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын зах зээлд харилцан нэвтрэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, Евразийн макро бүс дэх эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэсэн Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын яриа хэлэлцээг урагшлуулахын төлөө ажиллахад бэлэн буйгаа нотлов.
Мөн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлыг судлах хамтарсан ажлын хэсгийн оросын талын дарга "Газпром" НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов, "Интер РАО Экспорт" ХХК-ийн Ерөнхий захирал М.Е.Сергеев нартай тус тус уулзалт хийж, хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцов. Мөн монголын төлөөлөгчид ОХУ-ын "АФК Система" санхүүгийн корпорацийн Ерөнхийлөгч Т.А.Ситдековтой уулзалт хийж, Монгол, Оросын худалдаа, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.
Төлөөлөгчид Петербургийн олон улсын эдийн засгийн XXVII чуулга уулзалтын Нээлтийн хуралдаан, Нэгдсэн хуралдаануудад тус тус оролцохын зэрэгцээ Эрчим хүчний хаалттай салбар хуралдаан, “Олон улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа”, "Евразийн эдийн засгийн холбооны 10 жил: үр дүн, зорилт, хэтийн төлөв" сэдэвт салбар хуралдаануудад оролцлоо.