МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД “АЗИЙН ХҮҮХДҮҮД” НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА
Олон улсын “Азийн хүүхдүүд” спортын VIII их наадмын нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр БН Саха /Якут/ Улсын нийслэл Якутск хотын Туймаада төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болов. Энэ удаагийн спортын их наадамд дэлхийн 24 улс орны 30 багийн 2000 гаруй тамирчид оролцож байна.
Манай улсаас нийт 45 тамирчин, дасгалжуулагч, эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр олимпийн бус 9 төрлийн тэмцээнд өрсөлдөж буй бөгөөд одоогоор 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, нэгдсэн багийн дүнгээр 14 дүгээрт жагсаж байна.
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ыг төлөөлж энэхүү наадмын нээлтийг арга хэмжээнд оролцсон тус ЭСЯ-ны атташе О.Чинбаяр тэмцээний 3 дахь өдрийн орой Монголын шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч багш нар болон тамирчдын төлөөлөлтэй уулзан “Олимпийн хөдөлгөөний үзэл санааг дэлгэрүүлж, хүүхэд-залуучуудын спорт, түүний дотор үндэсний спортын төрлүүдийг хөгжүүлэхэд “Азийн хүүхдүүд” олон улсын спортын их наадам чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэж, медаль хүртсэн тамирчдад баяр хүргэж, амжилт хүсэв.
Тус спортын их наадам 2024 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд болох бөгөөд уг наадам анх 1996 онд зохион байгуулагдсан цагаас хойш манай улсын баг тамирчид тасралтгүй амжилттай оролцож байгаа аж.