МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо албан томилолтоор ажиллаж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааны үеэр 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нарын анхны 3 талт уулзалт болон Монгол Улс, ОХУ-ын Ерөнхий сайд нарын уулзалтад тус тус оролцов.
Засгийн газрын тэргүүн нарын анхны 3 талт уулзалтаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төсөл болон Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг харилцан уялдуулах зэрэг 3 талт хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.
Монгол Улс, ОХУ-ын Ерөнхий сайд нарын уулзалтаар талууд Халхын голын хамтын ялалтын түүхт 85 жилийн ойг онцлон тэмдэглэж, Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, банк санхүү, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулах талаар ярилцлаа. Тухайлбал, хоёр улсын хоорондын төлбөр тооцооны асуудал, Монгол, Орос, Хятадын төмөр замын төв коридорын дагуу шинэ төмөр зам барих төсөл, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал болон Эгийн голын УЦС төсөлтэй холбогдуулан байгаль орчны нөлөөллийн үнэлгээний талаар ярилцав.