ЭРЧИМ ХҮЧНИЙ ИХ СУРГУУЛИЙГ "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГ"-ИЙН ОДОНГООР ШАГНАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ОХУ-ын Москвагийн Эрчим хүчний их сургуулийг төрийн дээд “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор шагнасныг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр буюу Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 103 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ёслол төгөлдөр гардуулж өгөв.
Элчин сайд Ө.Энхтүвшин төрийн дээд шагнал хүртсэн тус их сургуулийн удирдлага болон эрдэмтэн багш нар, оюутан залууст хандан баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ “1930 онд анх үүсгэн байгуулагдсан тус их сургуульд өнөөдрийг хүртэл Монголын 300 орчим оюутан залуус амжилттай суралцан төгсөж, эх орондоо ихийг хийж бүтээж байгаа билээ. Москвагийн Эрчим хүчний их сургууль Монгол Улсын ШУТИС, Уулын баяжуулах “Эрдэнэт” УҮГ зэрэг олон байгууллагатай хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монгол-Оросын 3 дугаар дунд сургуулийн ахлах ангийнханд зориулан физикийн хичээлийг тус их сургуулийн багш нар зааж эхэлснээс хойш чамгүй хэдэн жилийг үджээ. Москвагийн Эрчим хүчний их сургууль нь Монгол-Оросын шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагаа болон Монгол Улсын эрчим хүчний салбарыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах үйлст дорвитой хувь нэмэр оруулсан” гэдгийг онцлов.
Ташрамд тэмдэглэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2016 онд Москвагийн Эрчим хүчний их сургуулийг төрийн дээд “Алтан гадас” одон, түүнчлэн 2022 онд тус их сургуулийн захирал, техникийн ухааны доктор, профессор Н.Д.Рогалевыг “Алтан гадас” одонгоор тус тус шагнаж байсан билээ.