images

БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ МОСКВА ХОТНОО ТЭМДЭГЛЭВ

Мэдээ

2024-11-27

118

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас Москва хотноо ажиллаж, амьдарч, сурч буй оюутан, аспирант, монгол иргэдийн төлөөлөл, хувиараа бизнес эрхлэгч, Москва дахь Төлөөлөгчдийн газрууд, Дубна хотод ажиллаж буй судлаач эрдэмтдийн төлөөлөл болон тус улсад суугаа ЭСЯ-ны нийт хамт олон энэхүү түүхт ойг энэ сарын 22-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэлсэн бөгөөд Анхдугаар Үндсэн хуулийг хэрхэн баталсан, тусгаар тогтнолоо тунхаглахад тулгарч байсан амаргүй асуудлуудыг шийдвэрлэхэд тухайн үеийн нам, засгийн удирдлагууд болон гишүүд ямаршуухан холч хараатай хандсан талаар сонирхолтой илтгэл тавьсан нь олны талархлыг хүлээсэн. 

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хөгжмийн зохиолч  Б.Дамдинсүрэнгийн хөгжим “Хэнтий өндөр ууланд”, Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг”, Ж.Бадраагийн үг, Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг”, Ч.Сангидоржийн хөгжим “Зулай цагаан Алтай”, Т.Галсангийн үг, Б.Шаравын хөгжим “Аав, ээж хоёр минь”  зэрэг Монголын сор болсон хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдийг Москва хотын Гнесиний нэрэмжит Хөгжмийн академийн оюутан, дуучин Б.Доржнамжин, төгөлдөр хуурч Мэргэншагай, морин хуурч  Н.Энхбаясгалан, морин хийлч У.Мэргэн нар дуулж хуурдан зочдын сонорыг мялаасан. 

Мөн энэ үеэр Оросын Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан Б.Цогдарь Ардын зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уран яруу уншиж сонирхууллаа. 

Ийнхүү тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Москва хотноо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв.