images

УРАЛЫН УЛСЫН КОНСЕРВАТОРИЙГ “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГ”-ИЙН ОДОНГООР ШАГНАСАН ТУХАЙ

Мэдээ

2024-12-11

140

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Модест Петрович Мусоргскийн нэрэмжит Уралын Улсын Консерваторийг төрийн дээд одон “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнасныг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консул бөгөөд зөвлөх Ц.Болор ёслол төгөлдөр гардуулав.

Энэ оны 12 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд ОХУ-ын Екатеринбург хотноо зохион явагдаж буй Уралын Улсын Консерватори үүссэн байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохиогдсон шагнал гардуулах энэхүү ёслолд ОХУ-ын Свердловск мужийн Олон улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны дэд сайд хатагтай Л.Н.Берг, Уралын Улсын Консерваторийн ректор, ОХУ-ын гавьяат жүжигчин, проф. Ноён В.Д.Шкарупа, ОХУ-ын ГХЯ, Соёлын яамны Свердловск муж дахь төлөөлөгчид болон МУАЖ А.Долгор, МУГЖ Л.Халиунсүрэн нар оролцов.

Монгол Улсын төрийн дээд шагнал хүртсэн Уралын Улсын Консерваторийн хөгжмийн урлагийн бүхий л салбарт боловсон хүчин бэлтгэхэд хамтдаа байсан эрдэмтэн багш, урлаг судлаачид, оюутан залууст хандан Консул Ц.Болор баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгэндээ Монгол Улсаас тус сургуульд 1955 оноос  эхлэн Монгол оюутнууд суралцаж эхэлснээс хойш эдүгээ 150 гаруй хөгжим, урлагийн мэргэжил эзэмшин төгсөж эх орныхоо орчин үеийн хөгжмийн урлагийн суурийг тавьж, Монгол Улсын хөгжмийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.

1963 онд Монгол Улсын орчин цагийн дуурийн театр “Евгений Онегин” дууриар нээлтээ хийхэд Уралын консерваторийг төгссөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, МУГЖ Д.Банди, Л.Баатар, О.Лусандамдин, Ж.Дамиран, Х.Цэрэнсодном, П.Цэвэлсүрэн, Н.Дарьсүрэн, Б.Дайриймаа нарын дуурийн дуучид голлон оролцож байв. Мөн МУУГЗ Ж.Шараа, О.Бэгз нар хийл хөгжимчний мэргэжлээр тус консерваторид суралцан төгсжээ.

Өнөөдөр ч төрөлх сургуулийнхаа түүхт өдөр хүндэт зочноор хүрэлцэн ирсэн МУАЖ А.Долгор, МУГЖ Л.Халиунсүрэн болон 1960 оны төгсөгч МУГЖ Д.Бандийн шавь МУГЖ, Чингис хаан одонт Г.Ариунбаатар нар Орос орон төдийгүй дэлхийд танигдсан дуурийн дуучид болсныг Консул Ц.Болор хэлсэн үгэндээ онцлов.

Мөн энэ үеэр тус сургуулийн ахмад багш И.Г.Стояновская “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж, Монгол Улсаар хөдөлмөрөө үнэлүүлэв.

Модест Петрович Мусоргскийн нэрэмжит Уралын Улсын Консерваторийн их танхимд болсон энэхүү ёслол-хүндэтгэлийн арга хэмжээнд 500 гаруй хүн оролцсон бөгөөд зочид, төлөөлөгчид дараа нь хамтдаа М.П.Мусоргскийн “Борис Годунов” дуурийг үзэж сонирхов.