ОХУ-ЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ГАЛ ЭСЭРГҮҮЦЭХ АЛБАНЫ АКАДЕМИД ТӨРИЙН ДЭЭД ОДОН ГАРДУУЛАВ
Монгол Улсын галаас аврах, гал эсэргүүцэх албаны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, галын аюулгүй байдлын тусгай албаны боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Онцгой байдлын яамны дэргэдэх Гал эсэргүүцэх албаны академийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 87 дугаар зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнав.
Шагналыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе бригадын генерал П.Жаргалан нар тус академийн захирал, дэслэгч генерал Бутко Вячеслав Сергеевичд ёслол төгөлдөр гардуулав. Хошууч генерал Г.Ариунбуян баяр хүргэж хэлсэн үгэндээ 90 жилийн түүхтэй тус академид 1965 оноос өнөөдрийг хүртэл 59 жилийн хугацаанд Монгол Улсаас 182 гаруй сонсогч мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшин төгсөж, өнөөдөр Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд бусдыгаа манлайлан ажиллаж байгааг дуулгасан юм.
Түүнчлэн энэ хүрээнд Хошууч генерал Г.Ариунбуян Гал эсэргүүцэх албаны академид суралцаж буй Монгол Улсын сонсогчидтой уулзан, тэдний сурлага сахилга бат, ахуйн нөхцөл байдлын талаар харилцан ярилцаж, цаашид сурлагын чанар байдлаа тогтмол дээшлүүлэх, бие даан өөрсдийгөө хөгжүүлэх, орос хэлний мэдлэгээ сайжруулах, Монгол Улсынхаа нэр хүндийг ямагт өндөрт өргөж байх зэрэг үүрэг чиглэлийг өгөв.