images

МОНГОЛ, ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 26 ДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээ

2025-01-08

42

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын ээлжит 26 дугаар хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Москва хотноо зохион байгуулав.
Хуралдааныг монголын талаас Монгол Улсын Их хурлын гишүүн, Шадар сайд, Комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов нар тэргүүлж, хоёр улсын гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан яамд, агентлагийн 60 орчим төлөөлөгч оролцов.

Хуралдааны үеэр ЗГХК-ын 25 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийн явцыг сайшаан дүгнэж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, тээвэр, хөдөө аж ахуй, гааль, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон асуудлаар санал солилцон, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнүүдийг тохиролцов. Тухайлбал банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хангах, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, шинэ төмөр зам барих чиглэлээр хамтран ажиллах, эрчим хүчний хамтын ажиллагааг бодитойгоор урагшлуулах болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар тохиролцов.  

Түүнчлэн, манай улсын нутаг дэвсгэр дээр усан барилга байгууламж барих төлөвлөгөөний хэрэгжилт зэргийг хэлэлцэж, Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны өмнө Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Газрын хэвлийн ашиглалтын болон Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссууд, Аж үйлдвэрийн асуудлаарх, Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх болон Тээврийн ажлын хэсгүүд болон “Хилийн усыг хамгаалах, ашиглах“ тухай хэлэлцээрийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн хуралдаануудыг тус тус зохион байгуулахаар тогтов. 

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдааны дүнгээр гарсан Протоколд С.Амарсайхан, А.А.Козлов нар гарын үсэг зурав. 
 
Үүнээс гадна Монгол Улс, ОХУ-ын холбогдох байгууллага хооронд хамтын ажиллагааны 4 баримт бичиг байгуулсан байна. 

Түүнчлэн, Монгол Улсын Их хурлын гишүүн, Шадар сайд, Комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан энэхүү хуралдаанд оролцох үеэр  ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, “Евразийн эдийн засгийн комисс”-ын Сайд нарын зөвлөлийн гишүүн А.А.Слепнев, Онцгой байдлын сайд А.В.Куренков болон “Газпромбанк”-ны ТУЗ-ийн орлогч дарга А.П.Белоус, “Газпром” НХН-ийн Гүйцэтгэх захирал А.Б.Миллер, Ленинград мужийн Амбан захирагч А.Ю.Дрозденко нартай тусгайлан хоёр талын уулзалтуудыг хийв. 
 
 
 
Мөн “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой хамтран ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлыг судлах хамтарсан Ажлын хэсгийн ээлжит хуралдааныг Санкт-Петербург хотноо хийж, Ажлын хэсгийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.