ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ЭРХҮҮ МУЖИЙН АМБАН ЗАХИРАГЧ И.И.КОБЗЕВТОЙ УУЛЗАВ
Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзевын хүсэлтийн дагуу түүнийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол Улс, Эрхүү муж хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэх, тухайлбал худалдаа эдийн засаг, соёл боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар мэдээлэл, санал солилцов.
Амбан захирагч И.И.Кобзев Монгол Улс, Эрхүү муж хоорондын худалдаа эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын уламжлалт ноос ноолуур, арьсан бүтээгдэхүүнийг Эрхүүгийн зах зээлд нэвтрүүлэх, Монгол Улсад дүнзэн байшин, модон шахмал түлш, модны суулгац нийлүүлэх, түүнчлэн ойг нөхөн сэргээх асуудлаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн оны 10 дугаар сард Дархан хотод зохиогдсон «Намрын өдрүүд» үзэсгэлэнгийн үеэр монголын талд 5000 модны суулгац бэлэглэсэнд нь талархал илэрхийлж, УИХ-аас модны суулгацыг улсын хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор ажиллаж байгааг дурдав. Түүнчлэн, Амбан захирагч И.И.Кобзев 2023 онд Монголд айлчлахдаа Дорноговь аймагт 5 тн модон шахмал түлш бэлэглэснийг дурдаж, талархал илэрхийлэв. Дүнзэн байшингийн модны хувьд модны чанар сайн ч өртөг, тээврийн зардал өндөр байдгаас их хэмжээгээр авах сонирхолгүй байдаг тухай дурдав. Түүнчлэн, Монголын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг хамтран зохион байгуулах санал дэвшүүлэв.
Монгол Улсаас Эрхүү хотод суугаа ЕКГ-ын мэдээллээр Эрхүү хотын 7 их дээд сургуульд 200 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд орос хэлний мэдлэг дутмаг байдаг нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байгааг дурдаж, үндсэн хичээлийн хажуугаар орос хэлний сургалтад хамруулах, шинээр ирж буй оюутнуудыг орос хэлний бэлтгэлд 1 жилийн хугацаагаар сургаж байх боломжийг судалж үзэхийг санал болгов.
Монгол улсад аялдаг орос жуулчдын 60 хувийг Эрхүү мужийн аялагчид эзэлдэг бөгөөд хоёр улсын иргэд «Монд-Ханх» автозамын шалган нэвтрүүлэх боомтоор зорчиход тулгардаг зарим хүндрэлийг арилгах үүднээс Монд боомтын гарцыг нэмэгдүүлэх, Ханх-Монд боомтын цагийн хуваарийг өөрчилж, 7 хоногийн амралтын өдрүүдэд ажилладаг болгох асуудлуудыг анхааралдаа авахыг хүсэв.
Монголын тал Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2025 оны 2 дугаар сард Эрхүү, Ангарск, Братск хотуудад нүүдлийн гэрэл зургийн үзэсгэлэн, БХЯ-ны харьяа Цэргийн дуу бүжгийн чуулгын бүрэн хэмжээний концертыг Эрхүү, Ангарск хотуудад 5 дугаар сард тус тус зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдаж, Амбан захирагчийн зүгээс зохих дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Мөн тус уулзалтын төгсгөлд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр таалал төгссөнтэй холбогдуулан ЭСЯ-нд нээсэн Эмгэнэлийн дэвтэрт үг бичиж, эмгэнэл илэрхийлэв.