images

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ ОХУ-Д АЙЛЧЛАВ

Мэдээ

2025-02-07

155

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ОХУ-ын Хууль зүйн сайд, ноён К.А.Чуйченкогийн урилгаар 2025 оны 01 дүгээр сарын 26-31-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийв.


Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ОХУ-ын Хууль зүйн сайд, ноён К.А.Чуйченко, Дотоод хэргийн сайд, ноён В.А.Колокольцев нартай тус тус албан ёсны уулзалт хийж, хоёр улсын хууль зүй, дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэж, харилцан санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд сайд нар “Монгол Улсын ХЗДХЯ, ОХУ-ын ХЗЯ хооронд 2025-2028 онд хамтран ажиллах хөтөлбөр”, “Монгол Улсын ХЗДХЯ, ОХУ-ын ДХЯ хооронд 2025-2028 онд хамтран ажиллах протокол”-д тус тус гарын үсэг зурав.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын ХЗЯ-ны харьяа А.Р.Шляховын нэрэмжит Холбооны шүүх шинжилгээний төв, 1771 онд II Екатерина хатан хааны зарлигаар байгуулагдсан “Бутырка” цагдан хорих төв, ДХЯ-ны Удирдлагын академи, Москвагийн их сургууль, Шүүх шинжилгээний төв, ДХЯ-ны төв поликлиник, “Ухаалаг хот-Москва” төслийн хүрээнд байгуулсан Москва хотын захиргааны Шуурхай удирдлагын төв, Сбер банкны кибер аюулгүй байдлын төв зэрэг нийт 8 байгууллагаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсанаас гадна Москва хотын Шинэ Москвагийн засаг захиргааны тойрогт орших “Коммунарка” тусгай объект дахь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгдэж, амиа алдсан монгол иргэдийн дурсгалд зориулсан хөшөө болон “Поклонная гора” дахь Эх орны их дайны ялалтын дурсгалын цогцолборт байрлах “Ялалтад тэмүүлсэн морьд” монгол морьдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-д Москва хотод суралцаж буй ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагын алба хаагчдын төлөөлөл 40 гаруй суралцагсадтай уулзаж, санал, хүсэлтийг нь сонсож, ярилцав.  

 

 

 

Монгол Улсын ХЗДХ-ийн сайд сүүлийн 9 жилийн хугацаанд ОХУ-д айлчлал хийгээгүй байсан бөгөөд энэ удаагийн албан ёсны айлчлал хөтөлбөрийн дагуу амжилттай явагдаж өндөрлөв.