images

ОРОСЫН УЛС ТҮМНИЙ НАЙРАМДЛЫН ИХ СУРГУУЛИЙН 65 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛ ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Мэдээ

2025-02-20

82

2025 оны 02 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд Дэлхийн 160 орны 15 гаруй мянган гадаадын оюутан суралцдаг Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн 65 жилийн ойн хүрээнд “Дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэг”-т Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн их танхимд болж 140 гаруй төлөөлөгчид ирсний гучин зургаан Бүрэн эрхт элчин сайд, хорь гаруй төлөөлөгчийн газрын дипломатчид оролцов.

Энэ хүрээнд тус сургуулийн  хөгжил дэвшил, түүхэн замнал, сургалтын хөтөлбөр, урлаг спортын дугуйлан, олимпиадын талаарх танилцуулга явагдаж, ЭСЯ-ны төлөөлөгчид баяр хүргэн амжилт хүсэн мэндчилэв. Цуврал арга хэмжээнд сурлага спортоороо тэргүүлсэн гадаад оюутнуудад шагнал гардуулахад Монгол улсаас суралцаж буй Сэтгэл судлалын 4 дүгээр дамжааны оюутан Эрдэнэбилэг овогтой Алирьс онц сурлагатнаар шалгарсан амжилт үзүүлсэн байна.

Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн 65 жилийн ойн концерт 02 дугаар сарын 08-ны өдөр Кремлийн ордонд болсон бөгөөд концертыг нээж ОХУ-ын Шинжлэх ухаан, боловсролын сайд В.Н. Фальков болон тус сургуулийн захирал О.А.Ястребов нар үг хэлж, тэргүүний эрдэмтэн багш, ажилтнуудад засгийн газрын шагнал гардуулахын сацуу энэхүү соёлын арга хэмжээнд  үзүүлбэр үзүүлж, үндэснийхээ соёл, урлагийг бусад орны залуучуудад таниулан сурталчлахад идэвхтэй оролцож буй оюутан залууст талархал илэрхийлэв.

Тус хүндэтгэлийн концертод Оросын Улс түмний найрамдлын их сургуульд суралцаж буй Монгол оюутнуудын үндэсний бүжгийн хамтлаг мөн оролцож, үндэсний үзүүлбэр үзүүлсэн болно.