ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ОРЛОГЧ САЙД А.Ю.РУДЕНКО БНХАУ, БНАСАУ, БНСУ, МОНГОЛ, ВЬЕТНАМ, МАЛАЙЗ, СИНГАПУР ЗЭРЭГ УЛСЫН ЭЛЧИН САЙДУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗСАН ТУХАЙ
Энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко билгийн тооллын дагуу шинэ жилээ тэмдэглэж буй БНХАУ, БНАСАУ, Монгол, Вьетнам, Малайз, Сингапур зэрэг улсын элчин сайд нар болон дипломат ажилтнуудыг уламжлал ёсоор ОХУ-ын ГХЯ-ны харшид хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээний эхэнд хүрэлцэн ирсэн дипломат ажилтнуудад А.Ю.Руденко баярын мэнд хүргэн 2024 оны ОХУ-ын гадаад бодлогын үр дүн, ОХУ-ын бүс нутгийн улс орнуудтай хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг дүгнэн тодорхойлсон.
ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко хэлсэн үгэндээ ОХУ Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаатай болохыг дурдаж, ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамтын ажиллагаа /эдийн засгийн коридорын хүрээнд/ өргөжин тэлж буйг онцолсон болно.
Энэхүү арга хэмжээний хүрээнд ЭСЯ-ны төлөөлөл ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко болон тус яамны Азийн нэгдүгээр газрын удирдлагатай ойрын хугацаанд хоёр талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр, дээд түвшний харилцан айлчлалын бэлтгэлийг хангах болон Монгол Улсын ГХЯ, ОХУ-ын ГХЯ хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн байгуулах асуудлаар санал солилцож, холбогдох арга хэмжээг харилцан авахаар тохиролцсон болно.