МОНГОЛ АРДЫН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Я.СОДБААТАР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-Д АЙЛЧЛАВ
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 2 дугаар сарын 16-19-ны өдрүүдэд ОХУ-д айлчлал хийв.
Айлчлалын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Нэгдсэн Орос" намын дарга, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведев, тус намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Нэгдүгээр орлогч дарга В.В.Якушев, Төрийн Дум дахь "Нэгдсэн Орос Нам"-ын бүлгийн дарга В.А.Васильев, "Нэгдсэн Оросын Залуу Гварди" Бүх Оросын олон нийтийн байгууллагын дарга А.В.Демидов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитин болон Монгол, Оросын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга, Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нартай уулзаж, хоёр улсын болон хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Тухайлбал, Монгол, Оросын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдааны дүнгийн талаар болон худалдаа, эдийн засаг, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулах талаар хэлэлцэв.
Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцын талаар санал солилцов.
Талууд Монгол Ардын Нам, “Нэгдсэн Орос” намын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, эрчимжүүлэхээр тохиров.