ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНД АМЬ ҮРЭГДСЭН ДЭСЛЭГЧ Е.П.МАСАЛКИНЫ ШАРИЛЫГ ХҮНДЭТГЭН ОРШУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ
1939 оны Халх голын байлдаанд амь үрэгдсэн ОХУ-ын иргэн, дэслэгч Е.П.Масалкины шарилыг ОХУ-ын Пермь хотноо 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүндэтгэн оршуулах, оршуулгын ёслол гүйцэтгэх арга хэмжээнд Пермь мужийн Амбан захирагч Дмитрий Махонин тэргүүтэй албаны хүмүүс, талийгаачийн охин Р.Е.Карлина, төрөл төрөгсөд, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ болон Оросын “Түүх, соёлын өвийг хамгаалах “Цаг хугацаа, үеийн холбоо” сангийн удирдлага, төлөөлөгчид оролцов.
Дэслэгч Е.П.Масалкины шарилыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулсан “Халхын гол. Бидний яруу алдар-2024” олон улсын экспедицийн хайгуулын үр дүнд бусад 26 орос цэргийн шарилын хамт олж илрүүлсэн бөгөөд цэргийн мөргөлдөөн зогссоноос хойш 85 жилийн дараа эх оронд нь нутаглуулж буйгаараа онцлог үйл явдал болов.
Малтлагын үеэр олдсон эд зүйлсийн доторх бичиг баримтаар талийгаачийг хэн болохыг олж тогтоосон байна. Пермь хотын Офицеруудын ордонд дэслэгч Е.П.Масалкины шарилтай салах ёс гүйцэтгэсний дараа Халхын голын байлдаанд баатарлагаар амь насаа алдсан офицерийн шарилыг 86 жилийн дараа төрөлх Оханск дүүргийн Андреевка тосгон дахь оршуулгын газарт ёслолын буудлага хийн хүндэтгэл үзүүлсний дараа нутаглуулсан байна.