images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН БН ЯКУТ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ДАРГА А.Н.ЖИРКОВТОЙ УУЛЗСАН ТУХАЙ

Мэдээ

2025-02-26

84

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Якут (Саха) Улсын Төрийн Хурал (Парламент)-ын дарга Жирков Александр Николаевичийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ-ын уламжлалт найрсаг харилцаа, түүхэн нөхөрлөл, хоёр талын хамтын ажиллагаа болон Монгол, Якутын ард түмэн хоорондын нийтлэг зан заншил, өв соёлын талаар ярилцав. Мөн Монгол, Якутын соёлын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Энэ хүрээнд Якут Улсын Төрийн Хурлын дарга А.Н.Жирков тус улсаас энэ онд Монгол Улстай хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэв. Тухайлбал, Якутын Улсын музей тус улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зураачдын бүтээлийн үзэсгэлэнг энэ оны 03 дугаар сард толилуух талаар болон Якутаас гаралтай, нүүдэлчин соёлтой орнуудад түгээмэл дэлгэрсэн спортын төрөл болох мас-рестлингийн олон улсын тэмцээнийг ирэх 07 дугаар сарын сүүлээр Монгол Улсын Архангай аймагт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа тухайг тус тус мэдээлэв.

Мөн БН Якут (Саха) Улсын Гадаад харилцааны яам Якутын олон нийтийн байгууллагуудтай хамтран энэ оны 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд якут үндэстний “Ысыах” баярыг Монгол Улсын Төв аймагт өргөн дэлгэр тэмдэглэхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол, Якутын ард түмнүүд хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэхэд эдгээр арга хэмжээнүүд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд ЭСЯ-ны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.