images

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ « АЛТАН ГАДАС» ОДОН ГАРДУУЛАВ

Мэдээ

2025-03-11

114

Монгол Улсын Хил хамгаалах байгууллага, Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн алба хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнийг сургах, давтан сургах, улсын хилийн аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн  Халх голын байлдааны ялалтын 85 жил, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академи үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 71 тоот зарлигаар төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдсантай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин энэхүү төрийн дээд шагналыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академийн төв байранд хүрэлцэн очиж, ёслол төгөлдөр гардуулав.

Төрийн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хилийн албан ёсны төлөөлөгч хурандаа Б.Ловууигнэн, атташе М.Энхдөл, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны 6 дугаар газрын дарга хошууч генерал Сапунков Сергей Борисович, Хилийн академийн захирлын орлогч хошууч генерал Сорокин Максим Николаевич, Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч хурандаа Михалёв Андрей Юрьевич, Хилийн тасгийн дарга хурандаа Закиров Сергей Фаридович, сургалт хариуцсан мэргэжилтэн Усачёв Евгений Андреевич, академийн захирлын орлогч, тусгай факультетын дарга хурандаа Ковалёв Ян Андреевич болон тус академид суралцаж буй Монгол Улсын офицеруудын төлөөлөл, академийн бие бүрэлдэхүүн, ахмад ажилтнууд оролцлоо.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд Агуу их эх орны дайны ялалтын 80 жил, Халхын голын байлдааны ялалтын 86 жил, Эх орноо хамгаалагчдын өдрийн баярын мэнд хүргэж хэлсэн үгэндээ:  “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад төрийн айлчлал хийж, Монгол, Зөвлөлтийн арми, ард түмэн Халхын голын байлдаанд ялалт байгуулсны 85 жилийн ойн нэгдсэн арга хэмжээнд оролцож, ялалтын баяраа хамтран тэмдэглэсэн.

Энэхүү түүхт ойн хүрээнд хоёр улсын хил хамгаалах байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академи үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 71 дүгээр зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан байна.

Манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны онцгой чухал салбар болох улсын хилийн аюулгүй байдлыг хангахад хилийн албаны олон төрөл мэргэжлээр 700 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургахад  та бүхний хүчин чармайлт гарган ажилласныг зориуд энэ ялдамд дурдмаар байна. Тус академийн төгсөгчид Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахад хил хамгаалах байгууллагын удирдлагын түвшинд амжилттай ажиллаж байгааг  тэмдэглэн хэлье.  

Танай академийн хамт олонд Монгол төрийн өндөр дээд шагнал авсанд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Хилийн академийн захирлын орлогч хошууч генерал Сорокин Максим Николаевич хоёр орны найрсаг хамтын ажиллагааны түүхэн үйл явдлуудын талаар дурдаад Монголын төр тус академийн хамт олны хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж төрийн дээд шагналаа гардуулж буйд талархаж байгаагаа илэрхийлээд, цаашид бид монголын хилчдийг сургах асуудлаар илүү их чармайж, орчин цаг үетэйгээ нийцүүлэн сургалтын бодлогодоо өөрчлөлт оруулж ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Уг арга хэмжээний хүрээнд үе үеийн хилчдийн хөшөөнд цэцэг өргөж, академийн түүхийг харуулсан үзмэрүүдийг үзэж сонирхон Элчин сайд хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ бичиж, академийн зүгээс хүлээн авалт зохион байгуулж, академийн орос алба хаагчид монгол дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлэн харилцан хүндэтгэл үзүүлж бэлэг солилцов. 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академид Монгол Улсын төрийн дээд шагнал "Алтан гадас" одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тус академийн хүндэт дэвтэрт академийн удирдлагын зүгээс тавьсан хүсэлтийн дагуу монгол бичгээр сэтгэгдлээ бичиж үлдээв.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академид суралцаж буй Хил хамгаалах байгууллагын офицеруудын төлөөлөлтэй уулзаж сурлагын амжилт хүсэв.