ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.ЛУВСАНГОМБО ГУАЙН ГЭРТ ЗОЧИЛЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин албаны хүмүүсийн хамт XVII жарны " Элдэв эрдэнэт " хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Москва хотод амьдран суугаа өндөр настан, хурандаа генерал С.Лувсангомбо гуайн гэрт зочилж, золголт хийв. Золголтын үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурийн болон өөрийн гарын бэлгээ, Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хилийн албан ёсны төлөөлөгч хурандаа Б.Ловууигнэн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэнгийн гарын бэлгийг хурандаа генерал С.Лувсангомбо гуайд тус тус гардуулж хүндэтгэл үзүүлэв.
Ахмад настан, хурандаа генерал С.Лувсангомбо гуай төр засгийн тэргүүн нар болон Элчин сайд, яамны хамт олон, Хил хамгаалах байгууллагын удирдлага, хилчиддээ талархаж буйгаа илэрхийлж, хилчидийн талаархи дурсамжаа ярьж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье эх нутгийн минь хил хязгаар тайван амгалан байх болтугай гэсэн ерөөлийг өргөв.
Москва хотод аж төрж буй төр, нийгмийн зүтгэлтэн С.Лувсангомбо 1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төрсөн бөгөөд эдүгээ нас сүүдэр 101 хүрч, эрүүл саруул энх тунх амьдарч байна. С.Лувсангомбо нь 1954-1956 онд Цэргийн сургуульд багш, ангийн орлогч, 1956-1982 онд Улсын барилгын байгууллагад инженер, трестийн дарга, Улсын барилгын яамны орлогч сайд, Улаанбаатар хотын дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, 1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байсан бөгөөд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн байв. Сүхбаатарын болон Алтан гадас одон, бусад медалиар шагнуулж байжээ.