ОХУ-Д СУРАЛЦАГЧ МОНГОЛ ОЮУТНУУДЫН ЦАГААН САР НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ
Монгол үндэстний уламжлалт “Цагаан сарын баяр”-ыг тохиолдуулан зохион байгуулсан ОХУ-д суралцагч монгол оюутнуудын арга хэмжээ 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ОХУ-ын Москва хотын Үндэстнүүдийн ордонд амжилттай болж өнгөрөв. Энэхүү арга хэмжээнд тус улсад суралцагч монгол оюутнууд, судлаачид болон монгол судлалаар суралцдаг оросын оюутан нийтдээ 120 гаруй оюутан залуусын төлөөлөл оролцлоо. ОХУ-д суралцагч монгол оюутны холбоо (ОМОХ)-ноос энэхүү Цагаан сарын баярын арга хэмжээг хоёр дахь жилдээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулав.
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга О.Чинбаяр тус арга хэмжээг нээн оюутан залууст хандан мэндчилгээ дэвшүүлж, тус ЭСЯ-ны дэргэдэх морин хуурын сургалтад суралцагч хүүхдүүд Цагаан сарын баяртаа зориулан багш Б.Жаргалсайханы хамт ая дууны мэндчилгээ өргөн барив.
Энэ үеэр ОХУ-д суралцагч монгол оюутны холбооны гишүүд монгол ахуй, соёл, зан заншлыг сурталчилсан 4 төрлийн өртөөчилсөн аялал зохион байгуулж, Сар шинийн баярт уригдан ирсэн монгол туургатан оюутнууд болон гадаадын бусад орны төлөөлөгчдийн талархлыг хүлээсэн. Москва хотын Гнессины нэрэмжит хөгжмийн академийн авьяаслаг оюутан, залуусын урлагийн тоглолт жинхэнэ Монгол Цагаан сарын уур амьсгалыг мэдрүүлж, хүрэлцэн ирсэн монгол хүн бүрийн сэтгэлийг огшоов.
Энэ жилийн арга хэмжээг зохион байгуулахад Москвагийн Үндэстнүүдийн ордон, “Мөнх тэнгэр” ТББ зохих дэмжлэг үзүүлж хамтран оролцлоо.