“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭВ
“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойн баярыг тохиолдуулан 03 дугаар сарын 18-ны өдөр Элчин сайдын яаманд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.
Хүлээн авалтад ОХУ-ын Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын яам, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны алба, Монгол Улстай хамтарч ажилладаг ОХУ-ын Батлан хамгаалах аж үйлдвэрийн байгууллагуудын удирдлагууд, “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн тэргүүлэгчид, мөн Монгол Улстай цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаатай АНУ, БНХАУ, ХБНГУ, БН Беларусь, БНСУ, БНАСАУ, Турк, Энэтхэг, БН Казахстан, БН Киргиз, БН Армени, БН Социалист Вьетнам, Лаос зэрэг 13 улсын ОХУ-д суугаа 22 Батлан хамгаалахын болон цэргийн атташе, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид суралцдаг Москва хотын цэргийн академи, их дээд сургуулиудын удирдлага, тэдгээрт суралцаж буй офицер ахлагч нарын төлөөллүүд зэрэг 80 гаруй хүн оролцов.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Монгол цэрэг”-ийн өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтад хүрэлцэн ирсэн бүх зочдодоо талархал илэрхийлж, Монгол, Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв. Мөн энэ жил Москва хотод болох Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд уламжлал ёсоор Монгол Улс оролцохыг онцлон тэмдэглэв.
Оросын талаас хүндэт зочноор ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр, бид найрсаг Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд чиглэгдсэн хоёр улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бэлэн бөгөөд энэ оны 05 дугаар сарын 09-ны цэргийн ёслолын жагсаалд Монгол Улс оролцохоор төлөвлөж байгаад баяртай байна гэв.